ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

Байтагийн тулгаралтын түүхт 70 жилийн ойн баяр

2018-09-08

Байтагийн тулгаралтын түүхт 70 жилийн ойн баяр Үенч, Булган суманд 2018 оны 09 дүгээр сарын 05, 06,07-нд болж өндөрлөв. 

Байтаг Богдын тулаан

Байтаг Богд уул нь Монгол улсын Ховд аймгийн Булган сумын нутагт оршдог уул. Оргил нь 3400 метр өндөр. Бүдүүн Харгайт, Нарийн, Хужирт зэрэг гол эх авч урсдаг. Шинэсэн зураа төгөлтэй. Монгол орны баруун урд хил дээр орших энэ ууланд 1948 онд хил зөрчигчидтэй хийсэн томоохон тулаан болсныг түүх бичлэгт Байтаг Богдын тулалдаан хэмээн тэмдэглэдэг бөгөөд уг тулалдаан болсон газар дурсгалын хөшөө босгосон байдаг.

1948 оны 07 дугаар сарын 07-ны өглөө Дамжиг усны сумангийн улс төрийн орлогч Г.Хаянхярваагаар ахлуулсан Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян, Л.Гончигзэвгэ, Д.Чойжин, Ч.Пэлжээ нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа Байтаг богд уулын Бүдүүн харгайт голын хавцлын аман дахь харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байв.
1948 оны долдугаар сарын 8-нд өглөө Бүдүүн харгайтын голоос ус авч байсан цэрэг урсгал даган морины шинэхэн хомоол урсаж ирснийг авч хувааж үзэхэд тэрхүү хомоол нь тэжээлээр хооллож байсан морины хомоол байсныг ангийн дарга Г.Хаянхярваад илтгэсэн байдаг. Улмаар тандалт хийлгэхэд Бүдүүн Харгайтын гол дагуу их олон морь, хүмүүсийн хоорондоо ярилцах дуу чимээ сонсогдсон бөгөөд 150-170 орчим бүрэн зэвсэглэсэн хил зөрчигч казак цэргүүд байсан байна. Эдгээр цэргүүдийн гол зорилго нь хилийн постыг устгаж амьд хэл олзлох зорилготой байжээ.

Энэ үед Оспан шилдэг 22 баатруудынхаа өшөөг авах зорилготой Манат баатраар удирдуулсан 100 орчим хүнийг Сантуха тосгонд оршдог хуарангаасаа гаргасан байжээ.

Дээрэмчид 07 сарын 08-ны өглөө Байтаг богдын Бүдүүн харгайт голын эхээр улсын хилийг зөрчиж орж ирсэн байна.
Хавцал уруудан, 400 метрт дөхөж ирсэн дайсны зэвсэгт бүлгийг хүчээ задлан давшиж эхлэхэд хилчдийн ахлагч Г.Хаянхярваа 2 цагаан пуужин буудаж сумандаа дохио өгч, хилчин Ч.Пэлжээд Б.Тэгшээгийн хүрэн халзан морийг унуулан 30 км-т байгаа суман руугаа хэл хүргүүлэхээр давхиулж өөрсдөө толгойн оройд гарч хоригложээ. Дайсны эхний галд Э.Архад, Т.Баян нар алагдаж, хүнд шархадсан Н.Дандархайдав ахлагчийн тушаалаар арын байрлал руу шилжих гэж яваад дайсанд амьдаараа баригдахгүйн тулд өөрийгөө буудан амь үрэгдсэн байна.

Хориглолтын баруун үзүүр болох оройн бяцхан товгор дээр хориглосон тасгийн дарга Б.Гиваан, хөнгөн пулемётын наводчик Б.Тэгшээ, Л.Даваадорж нарыг дээрэмчид миномётын галын дэмжлэгтэйгээр дайрсан байна. Үзэгдэц муутай газар хориглон байрласны улмаас хилчид тулж ирсэн дайсны өөдөөс гранат шидэж тулалдсаар дайсны гранат миномётын галд амь үрэгджээ. Л.Даваадорж амь үрэгдэхийнхээ өмнө эвлэлийн батлахаа чулуун дор нуусан байв. Заставын улс төрийн орлогч Г.Хаянхярваа, байлдагч Д.Чойжин, Л.Гончигзэвгэ нар бүслэлтээс буудалцан гарсан ба нөхдөө галаар хамгаалахыг хичээсэн боловч газрын бартаа, хад чулуугаар далдлагдсан ашиггүй байрлалд байснаас туслалцаа үзүүлж чадсангүй. Тулгаралт 2 цаг орчим үргэлжилж 9 цаг 30 минут гэхэд дайсан буцаж бараагүй болсон байлаа.

Пулемётчин Б.Тэгшээ миномётын дэлбэрэлтэнд хөлөө тас цохиулсан боловч тулалдсаар дайсны гранатын дэлбэрэлтэд үрэгдэж, тасгийн дарга Б.Гиваан гал хамгаалагчийг нь авсан гранатаа дайсан руу шидэх гээд амжилгүй атгаастай чигээрээ алагдаж, Л.Даваадорж нөхдийнхөө хамт дайсанд бүслэгдэн гарцаагүй болсон үед гранатаа дайсны дунд шидэж амь үрэгджээ. Түүний зүүн гарын хуруунд гранатын гал хамгаалагчийн цагариг байсан бөгөөд бие нь дундуураа тасарснаас үзэхэд амьдаараа баригдах аюул тохиолдсон тэр аймшигт мөчид сүүлчийнхээ гранатыг өөртөө зориулсан нь тодорхой байв.

Богино хугацаанд болсон энэ тулгаралтад дайсан хүн хүчээр олон дахин давуу байсан бөгөөд манай хилчдийн хориглолтын метр газар бүрт 2 сум туссанаас үзэхэд маш хүнд тулгаралт болсон нь илэрхий. Хилчид ашиг муутай байрлал эзэлж хориглосон хэдий ч дайсантай баатарлагаар тулалдан үлэмж хэмжээний хохирол учруулжээ.

Дайсантай баатарлагаар байлдаж гавъяа байгуулан амь үрэгдсэн Б.Тэгшээ, Б.Гиваан, Л.Даваадорж нарт “БНМАУ-ын баатар” цол, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян нарыг “Байлдааны гавъяаны улаан тугийн одон”-гоор тус тус нэхэн шагнасан байна. Мөн Заставын улс төрийн орлогч Хаянхярвааг “Байлдааны гавъяаны улаан тугийн одон”, байлдагч Д.Чойжин, Л.Гончигзэвгэ нарыг “Байлдааны гавъяаны одон”, Ч.Пэлжээг “Байлдааны медалиар” тус тус шагнажээ.

Б.Тэгшээ малд гярхай, сэргэлэн цэрэг байсан бөгөөд түүний хүрэн халзан морийг байлдагч Ч.Пэлжээ унан Уушигын уулсын бартаат 30 км гарсан замыг 30 орчим минутад туулан Дамжиг усны заставт мэдээ өгсөн байдаг. Хүрэн халзан морь олон тулаанд оролцсон байдаг бөгөөд Монгол улсад энх цаг тогтсоны дараа хөгширч 20 хол гарсан насандаа төрсөн нутаг Архангай аймагт гүйж хүрсэнээс харахад ямархуу чансаатай адуу байсан нь харагдаж байна. 
Хилийн цэргийн түүхэнд 1950 он хүртэл Монгол Улсын хил хамгаалах явцад 240 гаруй хилчин эрс амь үрэгдсэн гэсэн тоо баримт байдаг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%