ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

Булган сумын тухай

2016-11-15

Засаг захиргаа

 

Булган сум 1931 онд Монгол Алтайн давааны чанад Булган голын хөвөөнд байгуулагдсан юм. Нийслэл Улаанбаатараас 1855 км, аймгийн төвөөс 385 км алслагдсан, Баруун талаараа БНХАУ-тай хиллэдэг. Булган сумын одоогийн оршиж байгаа нутаг дэвсгэр дээр Манжийн захиргааны үед “Вангийн  чуулган  тамгатай”  таван суман торгууд  оршиж  байжээ.  Тэр үед Вангийн чуулганыг  Шээрэндорж  вангийн  5 дахь үеийн  Мишигдорж  ван захирч  байсан байна. Харин Ардын хувьсгалын өмнөхөн вангийн суманг Намжаа  ван,  Бээсийн суманг  Магсар  бээл,  Тайжийн суманг  Өлзий  тайж,  Хошууд засгийг  Аюурсид  нар тус  тус  захирч  байсан гэдэг. Ардын хувьсгалын эхэн үед Намжаа ноён өөрийн захирч  байсан 3 сумын  /ван , авж, багш/ ард иргэдийг дагуулан дүрвэж одоогийн БНХАУ-ын нутаг Өргөн хоо,

Шоолонхүү,  Саньтай,  Жимсайр,  Даачаан  зэрэг  газруудад  очиж нутаглаж байгаад, Монголын Засгийн газраас  явуулсан  бодлогыг  дагаж  Булган  нутагтаа  эргэн ирж  суурьшжээ.

Булган  сум 1926 онд Чандмань  уулын аймаг байх үед “Булган мандал  -Бүрэнхайрхан уулын хошуу”  нэртэй  болж Тамгын даргаар  Ач  залан,  нарийн бичгийн даргаар  Жаргалсайхан нарыг томилон ажиллуулжээ. 1931 онд Чандмань уулын аймаг Увс, Ховд гэсэн хоёр аймаг болон салах үед Булган сум  болгон өөрчилж  даргаар  нь Р.Ядамыг  томилсон байна. Шинэ үндсэн хуулийн дагуу 1992 онд сумын Засаг даргын Тамгын газрыг байгуулж Засаг даргаар Л.Чулуунбат сонгогдон ажилласан байна.

1932 онд тус  суманд аймгийн намын хорооны ажилтан Насанбат гэгч хүрэлцэн ирж  МАХН-ын  анхны үүрийг 12 гишүүнтэй  байгуулж  даргаар  нь  Э.Цагааныг  ХЗЭ-ийн  анхны  үүр байгуулж,  даргаар  нь н.Бажилыг сонгож байжээ.

 

Булган түмэн дайчин ард түмэн

 

Булган сум 10.000 орчим хүн амтай бөгөөд үүний 80 гаруй хувь нь торгууд ястан юм. Иргэдийнх нь амьжиргааны гол эх үүсвэр мал аж ахуй, газар тариалан, худалдаа үйлчилгээ болон хөгжиж байна.

Тус сум мах, өөх, ноосны чиглэлийн ууцан сүүлт хонь, ноолуурын чиглэлийн ямаа, махны чиглэлийн үхэр голлосон 134000 гаруй толгой малтай.

Булганы тариаланчид Булган голынхоо хөндийд 1000 шахам га-д усалгаатай тариалан эрхэлж, гурилын түүхий эдээ өөрсдөө бэлтгэхийн зэрэгцээ хил худалдаа хийдэг 2 боомт үйл ажиллагаагаа явуулдаг. 1959 оноос тус суманд нисэх онгоц үйлчилж эхэлсэн бөгөөд, одоо 7 хоногт 1 удаа  УБ хотоос шууд нислэг  үйлдэж  байна.

Булган сум өвөлдөө -35,5 – 40 хэм хүрч сахал цантуулам хүйтэрнэ. Зун, намартаа +38+40 хэм хүрч чөмөг хайлуулам халдаг эрс тэс уур амьсгалтай.

Булган гол 100 гаруй км урт зам туулан урсах бөгөөд Алгана, Цурхай, Хайруус загас энд элбэг. Мөн дэлхийд ховордсон шар Минж зөвхөн Булган голд нутаглана. Булган голд Цоохор, Гашуун нуур, Хагшаал Аавдай, Баянгол, Индэрт зэрэг 50 гаруй гол горхи цутгана.

Булган нутаг Вансэмбэрүү, Шар мод, Нохой хошуу, Алтан гагнуур, Чийр, чихэр өвс, Хулангийн ундаа, Таван салаа зэрэг эмийн ургамалтай. Ховор бөгөөд хосгүй ач тустай эмийн ургамлаа нутгийн ард түмэн ханиад томуу, шарх сорви зэрэг өвчин эмгэгийг эдгээхэд өргөн хэрэглэнэ.

Булган нутгийнхан Улсын баатар Э.Шийлэг, Б.Бадам, Монгол улсын хөдөлмөрийн баатар Р.Лувсан, Ж.Отгонцагаан, Батлай, Хожоодойн Түвшин, Р.Хашбаатар, Б.Баадай Ардын эмч н.Хайрулла, Ардын багш цол хүртсэн Б.Бадамсэд, гавъяат уурхайчин З.Жавлай, Ч.Сэнгээрэй, Ш.Шаравхан, Д.Очир, гавъяат жүжигчин Б.Дугараа, гавъяат эмч М.Албанч, академич Т.Дорж, Монгол улсын шилдэг менежер А.Цэрэндорж, доктор Ц.Мухар нараараа ам дүүрэн бахархаж, сэтгэл дүүрэн дурсаж ярилцана.

Булган түмэн дайчин ард түмэн. Энэ ард түмэн эх орны төлөө үүрд мөнхөрсөн Батжаргалын Дүгэр, Батбаярын Дүгэр, Төмөрцогтын Амарзаяа, Хонгойн Чойрог, Самайн Мэндээ, Баарайн Чулуудай, Хашгайн Чигээ, Хуягийн Довдон, Сүхравдангийн Чой, Батын Ишгэн, Раашийн Хорлоо, Батмэндийн Бүрэнтөгс, Ишгэний Зодов, Авираан Чулуундай, Болдын Бат, Магнаан Маргаажаа нарынхаа гавъяа зүтгэл, үйлс бүтээлийг нь мөнхлөн хадгалж байдаг юм. Агуу түүхтэй энэ нутаг усныхны тухай монголын олон яруу найрагч магтан дуулсан байдаг.

Одоогийн Булган сум 125 багш, 66 ажилтан, 2500 орчим сурагчтай 2 дунд сургууль, 10-аад их эмч, 50 гаруй ажилчидтай сум дундын эмнэлэг, соёл урлаг, тээвэр, эрчим хүч, худалдаа эрхэлдэг 40 гаруй байгууллагатай томоохон төв болон тохижиж байна.

Булган сум нь сумын соёлын төв нь үзвэр, бүжгийн заал бүхий 2 давхар барилгатай. Энд 400 гаруй үзмэртэй орон нутгийг судлах музей, 6000 орчим номтой номын сан тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Булган суманд Цагдаагийн тасаг 1989 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд өдгөө дуудлагын авто машин, хөдөлгөөнт радио станц бүхий 14 хүний бүрэлдэхүүнтэй болон өргөжжээ. Цагдаагийн тасаг нь 2012 оноос шинэ байрандаа нүүн орохоор төлөвлөөд байна. Мөн суманд Сум дундын 2-р шүүх, Сум дундын прокурорын газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, өмгөөлөгчдийн холбооны салбар ажиллаж байна.

Цаг уурын “Байтаг” станц нь бэлчээрийн гарц, ургамлын тархац, цаг агаарын мэдээ мэдээлэл боловсруулж, ард иргэдийг цаг агаарын байнгын урьдчилсан мэдээллээр хангаж ажилладаг. Зэвсэгт хүчний 305-р анги нь Монгол улсын баруун урд бүсийн агаарын хил, агаарын орон зайд радиолокацын хяналт явуулах байлдааны үүргээ амжилттай гүйцэтгэж, салбарынхаа дунд сүүлийн 5 жил тэргүүн байр эзэлжээ. Харин 2012 оноос тус суманд Аврах анги байгуулагдах юм.

Суманд ХААН, Хадгаламж, Голомт банкууд ажиллаж, татан төвлөрүүлсэн хөрөнгөө 2 тэрбумаас давуулсан амжилт гаргажээ.

 

Сургууль

 

Булган суманд 12 жилийн 2 сургууль 125 багш, 66 ажилчин, 2452 сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. 2 дотуур байранд 302 хүүхэд амьдарч байгаа бөгөөд дотуур байраа тохижуулан, 10 шүршүүртэй халуун ус, ариун цэврийн байгууламж барьж, хичээлийн “2” байр, дотуур байранд их засвар хийжээ. Ингэснээр багш, сурагчдийн ажиллаж сурах нөхцөлийг улам сайжруулж чадсан байна. Мөн багш хөгжлийн төвийг байгуулан тохижууллаа.

 

Цэцэрлэг

 

Сумын хүүхдийн цэцэрлэг нь 37 ажилтаны орон тоотой. Цэцэрлэгийн өдрийн ангид 301 хүүхэд, 6 гэр цэцэрлэгээр 229 хүүхэд хүмүүжиж байгаа нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой хүүхдийн 60 хувийг хамарч байгаа юм. Одоогоор тус суманд ашиглагдахгүй байгаа цэцэрлэгийн байр бий. Үүнийг засварлаж цэцэрлэг, ясли хосолсон  2-р цэцэрлэгийг нээх шаардлагатай болоод байна.

 

Эмнэлэг

 

Булган сумын нэгдсэн эмнэлэг нь 45 ортой, 63 ажилтантай. Үүний дотор 14 их эмч ажиллаж сумын хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалж байна. Мөн тус сумын эмч нар  Алтай, Үенч сумдын ард иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг ажээ. Одоо Булган сумын нэгдсэн эмнэлэгт шүд, дотор, хүүхдийн эмч шаардлагатай байгаа бөгөөд энэ орон тоо шинэхэн боловсон хүчнүүдийн өмнө нээлттэй байна. Тус нэгдсэн эмнэлэг дээрНҮЭМ, НЭМ," Эрүүл монгол хүн" загвар эмнэлэг болох төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна

 

Булган дэд бүтцийн хөгжлөөрөө аймагтаа

тэргүүлэгч сум болж чаджээ

 

Булган, Үенч, Алтай сумдыг цахилгаан эрчим хүчээр хангахаар БНХАУ-ын Такашикейн боомтоос 35 КВ-ын 50 км ЦДАШ татаж ашиглалтанд оруулж, байнгын эрчим хүчээр хангагдаад байна.“Мянганы зам”-ын босоо тэнхлэгийн Ярант-Булганы 65 км, Ярант-Хөшөөтийн хүнд даацын 340 км хатуу хучилттай замын 70 км нь манай сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг.Босоо тэнхлэгийн зам нь цааш үргэлжлэн, ОХУ-тай холбогдох ба энэ зам нь Евро-Азийн автомашины замын сүлжээнд холбогдсон гэсэн үг юм. Сумын төв дотроо 1 км хатуу хучилттай замтай байсныг үргэлжлүүлэн 2010 онд 3 км зам нэмж тавьсан нь тоосжилт багасах, эрүүл аж төрөхөд чухал нөлөөтэй боллоо. Булган гол дээр баригдсан 3 гүүрийг ашигладаг бөгөөд Ендэртийн аманд аж ахуйн аргаар, сумын төвд төмөр бетон, Ярантад хүнд даацын зориулалттай гүүр тавигджээ.

1959 оноос тус суманд нисэх онгоц үйлчилж эхэлсэн бөгөөд, одоо 7 хоногт 1 удаа  УБ хотоос шууд нислэг  үйлдэж  байна. Цаашид нисэх онгоцны буух, тасрах талбайг хатуу хучилттай болгож, БНХАУ-ын Урумч-Ховд аймгийн хооронд нислэг үйлдэхэд дамжин өнгөрөх буудал болгох зорилготой ажиллаж байна. Булган сумаас Улаанбаатар хотын чиглэлд хот хоорондын 4 автобус байнга үйлчилдэг. Тус суманд 300 орчим тээврийн хэрэгсэл байнгын үйлчилгээ үзүүлж байгаа ба “НИК”, “Магнай Трейд”, “Хөрс авто сервис” ХХК-ны ШТС, агуулах ажиллаж байна. Мөн “Вест дөл” ХХК өргөтгөл хийж, баруун 5 аймгийг шингэн түлшээр ханган ажиллаж байна.

“Жуулчин–Хөрс” ХХК нь нэг ээлжинд 50 хүн хүлээн авахаар тохижуулсан 10 гэр барьж ашиглалтанд оруулснаар тус суманд аялал жуулчлалын бизнес хөгжих орчин нөхцөл бүрдлээ.

Сумын холбоо 1999 оноос ВИСАТ системд холбогдож, 2005 оноос Мобиком, 2009 оноос Скайтель, 2010 оноос Юнитель, Ярант дахь Мобиком үүрэн телефоны салбар нээгдэж, нийт өрхийн 90 гаруй хувь нь гар утастай боллоо. Мөн хөдөөгийн багууд хөдөлгөөнт холбоогоор холбогдоод байна. Булган сумын иргэд Телевизийн 18 суваг хүлээн авч үзэж байна.

 

Үйлдвэрлэл үйлчилгээ

 

Тус суманд талх, нарийн боов, ундаа, зайрмаг, мужаан дархан, зурагчин, үсчин гоо сайхан, гуталчин, зочид буудал, хүнсний зах, нийтийн хоол, дэлгүүр худалдааны үйлчилгээний цэг салбарууд байнгын үйл ажиллагаа явуулж байна.  Энэ онд “Булган баян бог” ХХК ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан мал нядалгааны газар барьж ашиглалтанд оруулжээ. Цаашид МАА, газар тариалангийн бүтээгдэхүүнийг боловсруулахад чиглэсэн сүү сүүн бүтээгдэхүүний, мах махан бүтээгдэхүүний, гурил, гурилан бүтээгдэхүүний, арьс, шир, ноос, жимс жимсгэнэ боловсруулах бага, дунд хэмжээний үйлдвэрүүдийг бий болгож, мөнгөний урсгалыг дотооддоо шингээх, дотоодын бизнес орчныг сайжруулах зорилт тавин ажиллаж байна.

“Тэнгэрлэг нутаг” ХХК нь ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан битүү зах нээн ажиллуулснаар ил задгай талбайд худалдаа хийдэггүй болжээ. Мөн Мерси Кор Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр “Булган-Түншлэл” бүсийн үзэсгэлэн худалдаа, зах зээлийн өдөрлөгийг  жил бүр зохион байгуулснаар иргэдийн идэвхи нэмэгдэж,  баруун 5 аймгийн аж ахуй эрхлэгчид өргөнөөр оролцох болсон байна. Булганчууд “Булган-Түншлэл” зах зээлийн өдөрлөг, үзэсгэлэн худалдааг улам өргөн хүрээг хамардаг болгох үүднээс Монгол-Хятадын хилийн баяр болгон БНХАУ-тай хамтран зохион байгуулжээ.

 

Булганчууд дайчин, хөдөлмөрч, оюунлиг ард түмэн

 

Булган сумын торгууд ястнуудын дундаас Монгол улсын баатар 2, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн 15, Хөдөлмөрийн баатар 12, Гавъяат цолтон 36, эрдэмтэн доктор 40 гаруй төрөн гарсан нь Булганчуудын баатарлаг, дайчин, хөдөлмөрч, оюунлиг түмэн болохын баталгаа юм.  Сумын эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй, газар тариалан, худалдаа үйлчилгээ юм.

 

Мал аж ахуй

 

Хонин сүргийн цөм нь мах, өөхний чиглэлийн торгууд үүлдрийн хонь юм. Мөн мах, сүүний чиглэлээр үхэр өсгөж, нутгийн мөнгөн сорт ямааны үүлдэр бий болгох ажлуудыг сумын удирдлага, малчид хамтран хийж байна. 2010 эцсийн мэдээгээр 1594 тэмээ, 5223 адуу, 10634 үхэр, 21581 хонь, 78654 ямаа нийт 117686 мал Булган суманд тоологдсон байна. Мал сүргээ өсгөн үржүүлж, нутаг орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан улсын сайн малчин 3, аймгийн сайн малчин 7, мянгат малчин 12 төрөн гарсан нь сумын малч удмын илэрхийлэл юм.

  

Газар тариалан

 

Булганчууд эрт дээр үеэс газар тариалан эрхлэж ирсэн түүхэн уламжлалтай. Өнгөрсөн жил Булган сумын тариаланчид 358 га-д тариалалт хийж 328.2 тн үр тариа, 341.3 тн төмс, 276.8 тн хүнсний ногоо хураан авсан. Булганы тариаланчид энэ жил илүү их ургац хураан авахаар чармайн ажиллаж байна.  Сумын хөдөлмөрч ард түмэн өнгөрсөн онд жимс жимсгэнэ 20 тн хурааж, 7000 ширхэг чацаргана, 36 мянган мод бут суулгаж, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэн, эрт ургацын ногоогоор ард иргэдийг хангаж чаддаг юм. Булган голын хөндий нь малын шимт өвс ургамлаар баялаг бөгөөд сум жилд дунджаар 22.0-27.6 мянган тн байгалийн хадлан хурааж, нэг хонин толгойд 50-54 орчим кг тэжээл бэлтгэдэг. Тус суманд малын багсармал тэжээл үйлдвэрлэх зориулалт бүхий 2 аж ахуй нэгж ажиллаж байна. 

Булган нутаг говь хангай хосолсон үзэсгэлэнт баянбүрдтэй, ховор ургамал амьтан элбэг, хосгүй сайхан нутаг билээ. Булган гол 7 төрлийн загастай, дэлхийд ховор Азийн шар минж энд нутаглан амьдардаг. Голын хөндийгөөр хулс, зэгс, төрөл бүрийн цэцэгт ургамал ургахаас гадна бургас, улиас, хус, чацаргана, нохойн хошуу, хонхот, улаан, шар харгана, говьдоо заг, сухай, тоорой, ууландаа хонин ба ямаан арц, хар мод, эмгэн шилбэ зэрэг модлог ургамал элбэг ургадаг. Зээргэнэ, 6 төрлийн баглуур, 5 төрлийн тайжийн жинс, 6 төрлийн шаваг зэрэг бутлаг ургамал, Вансэмбэрүү, лидэр, чихэр, цагаан, хорон буяа, хулангийн ундаа, Залаархаг хавраг буюу чийр, таван салаа, алтан гагнуур, гоёо зэрэг төрөл бүрийн эмийн ургамал ургадаг учир хүн ард нь эмчилгээндээ өргөн хэрэглэнэ. Мөн үхрийн нүд, тошлой, хад, чацаргана, зээргэнэ зэрэг зэрлэг жимснээс гадна тарималжуулсан алим, давжаа алим, үрэл ургадаг. Хөхтөн амьтдаас: хулан, зэгсний гахай, хар сүүлт зээр, алтайн аргаль, янгир ямаа, халиун буга, ирвэс, шилүүс, цоохондой, цөөвөр чоно, мэрэгчдээс: дорго, суусар, алтайн хар тарвага, заарт харх, минж, хэвлээр явагчдаас: замба гүрвэл, говийн нүцгэн хуруут гүрвэл, тойргийн хонин гүрвэл зэрэг  нэн ховор, улаан номонд орсон амьтад Булган сумын нутаг дэвсгэрт оршин амьдардаг. Мөн алтайн хойлог, хар  өрөвтас, гангар хун, тас, бүргэд, жороо тоодог, уран шувуу  гэх мэт жигүүртэн амьтан элбэг.

 

Байгаль цаг уурын тааламжит нөхцөлтэй,

байгалийн баялаг элбэг нутаг

 

Булган сумын нутгийн зүүн ба зүүн хойт хэсгээр 2500- 3000 метр өргөгдсөн өндөр сүрлэг уулстай. Харин нутгийн баруун тийш газар зүйн байрлал нам доор болж, баруун хуурайн говь болон үргэлжилж, Байтаг богд ууланд тулж очно. Тус сумын голын хөндий нь тэгш тал, намгархаг байдаг. Сумын цаг агаарын байдал Алтайн салбар уулстаа хүйтэн, үүлшилт их, тунадас багагүй унадаг бол говь цөлөрхөг нутагт нь тунадас бага, агаар дулаан байдаг. Зуны хамгийн дулаан нь 7 сард тохиох бөгөөд 20-25 хэм, говьдоо 45 хэм. Харин өвөл ууландаа 20-30 хэм, говьдоо 15-20 хэм хүрч хүйтэрнэ Булган гол нь Монгол алтайн нуруунаас эх авч урсдаг. Баянгол, Ендэрт, Түргэн, Доод Дээд Нарийн, Тошилт, Улиастын голын усаар тэжээгдэж, Өрөнгө, Енисей мөрөнд нийлж хойд мөсөн далайд цутгадаг.  Байгалийн баялаг ихтэй сумдын нэг бол Булган сум. Суманд Олонбулаг, Байтаг, Мэргэний уулын гэсэн гурван нүүрсний орд, Нарийн хар, Сухайт, Цоохор нуур, Доод нарийн, Мянгадын ам зэрэг алтны орд, Уушиг хэмээх болорын ордуудад олборлолт явуулж байна. Мөн тоосгоны материал авах шар шороо, шохойн чулууны ордууд үйл ажиллагаа явуулдаг. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%